Монгол дахь Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал Өэрл Миллер нь өнгөрөгч оны 12 дугаар сард шинээр томилогдсон бөгөөд өнөөдөр анх удаа Хэнтий аймагт айлчилж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзалт хийлээ.
Энх тайвны корпусын зүгээс 1993 оноос хойш Хэнтий аймагт 84 сайн дурын ажилтан ажиллуулж, Англи хэл, эрүүл мэнд, хүүхэд залуучууд, бизнесийн боловсрол олгох чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Англи хэл, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр АНУ-ын залуу боловсон хүчнүүд Монгол улсад ирж ажиллаж байгаагаас Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургууль, Хэрлэн 4-дүгээр сургуулиудад 2 сайн дурын ажилтан ажиллаж байна.
Эдгээр ажилтнууд нь дунд, ахлах ангийн суралцагчдад хамтын хичээл зааж, скаутын клуб, Англи хэлний яриа, уншлагын клуб, охидын клуб, mind клуб, илтгэлийн клубүүдэд хичээл ордгоос гадна 7 хоног бүр Ид шидийн орны хүүхдүүдэд Англи хэлний сургалт, ярианы клубийг хичээллүүлдэг.
Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс Хэнтий аймагт аялал жуулчлалын салбар хөгжиж байгаатай холбогдуулан Политехникийн коллежийг түшиглэж хөтөч бэлдэх анги байгуулахаар төлөвлөж байгаа талаараа танилцуулж цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа. Тэдний зүгээс ч мөн энэхүү саналыг дэмжиж, сайн дурын ажилтнуудаа багшлуулах боломжтой гэдгээ хэлсэн юм.












