Жил бүр Хэрлэнбаян-Улаан отрын бүсэд Төв, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай, Улаанбаатар хотын Багануур, Багахангай, Налайх гэх мэт 10 гаруй аймгийн 20 гаруй сумдаас жилдээ 500-600 өрхийн 300000-600000гаруй толгой мал орж өвөлждөг бөгөөд энэ жил мөн л адил дээрх аймгуудын 566 гаруй мянган толгой мал өвөлжиж байна.
Ингэснээр ургамлын зүйлийн бүрдэл ихээр алдагдаж бэлчээр ч мөн талхлагдаж байна гэдгийг сум орон нутгийн удирдлагууд иргэд хэлж байлаа. Цаашлаад отроор ирж буй айлууд жил бүрийн 11 сарын 01-ээс дараа жилийн 04 сарын 01 хүртэл 150 хоногоос хэтрүүлэхгүй ашиглах ёстой боловч чөлөөлдөггүй, нүүхдээ нутаг бэлчээрээ цэвэрлэдэггүй, малын хулгай ихсэх, малчид иргэд хоорондын үл ойлголцол гарах,бэлчээрийн даац олон дахин хэтэрч булаг рашаан ихээр ширгэх, ан амьтад дайжих, хорогдох, бэлчээр талхагдаж ургамлын зүйл багасах, булш хиргэсүүр тоногдох зэрэг асуудлууд гарсаар байна.
Мөн хамгийн тулгамдаж асуудал бол малын хяналтгүй шилжилт хөдөлгөөн маш их байгаатай холбоотойгоор халдварт болон гоц халдварт өвчний гаралт нэмэгдэж байгаа юм. Тухайлбал 2016 онд хонины гоц халдварт цэцэг өвчний 15 голомт, 2017 онд үхрийн гоц халдварт шүлхий өвчний 3 голомт, 2023 онд бог малын гоц халдварт мялзан өвчний 8 голомт тус тус үүсээд байна. Тиймээс
- Мэргэжлийн байгууллагаар төлөв байдлын хянан баталгаа хийлгүүлэх /Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журмын 16/,
- Өнөөдрийг хүртэл үүсээд байгаа халдварт өвчний голомтуудыг жил ариутгаж халдваргүйтгэх /ариутгалын машин шийдвэрлэх/
- Отроор өвөлжиж байгаа аймаг сумууд болон АДОБАЗахиргааны үүрэг хариуцлагыг сайжруулах, нэмэгдүүлэх
- Малын хяналтгүй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, /босоо чиглэлийн отор нүүдэл/
- Бэлчээр нөхөн сэргээх арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэх,
- Отрын бүс нутгийг өнжөөх зэрэг асуудлуудыг улсын хэмжээнд авч үзэж, шийдвэрлэхийг орон нутгийн иргэд, захирагч хүссэн юм.
Харин малын зүй бус хоргодлын үед 2024 оны 02 сарын 23-ны өдрийн байдлаар 620 байсан бол 2024 оны 02сарын 29-ний байдлаар 1111 толгой мал хорогдоод байна. /Энэ нь зөвхөн тосгоны харьяат малчин өрхийн 40%-иас авсан мэдээгээр болно./














