Батширээт сумын Хурх багийн Баян-Өлзийт, Булаг ,Уужим Асгатын өвөр, Цагаан ус, Бургасны ар өвөр Хурхын гол Төгс , Өглөгч зэрэг газрууд цагаан зудтай байна. Одоогийн байдлаар өвс тэжээлийн нөөц багассан. Цагаан зудтай газруудад 21 өрхийн 8965 орчим мал хаваржиж байна.
Сумын онцгой комиссоос өвөлжилттэй холбоотойгоор дараах ажлуудыг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
- Улсын онцгой комиссын 50 хувийн хөнгөлөлттэй 7 тн тэжээлийг Бэрхээс татан авч малчдадаа хүргэсэн
- 1000 боодол ногоон тэжээлийг 4 багт хуваарилан өгч эхэлсэн
- Нөөц тэжээл бүрдүүлэхээр Улаанбаатар хотоос 13тн хивгийг 12 сая төгрөгөөр татан худалдан авч, татан авалтаа хийж байна. Дараа 7 хоногоос малчдадаа олгож эхлэх юм.
Мөн сумын Засаг дарга Г.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг алс багуудаар ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, өвс тэжээлийн нөөц судалгаа гаргах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг нь сонсох зорилгоор ажиллаж байна. Одоогоор тус сумын хэмжээнд цасан боогдсон зам, айл өрх байхгүй гэдгийг мэдээллээ.
















