Монгол Улсын Засгийн газраас хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн холбогдох албаныхан 2026 оны аравдугаар сарын 14–16-ны өдрүүдэд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, хүнсний улаанбуудайн нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлтийн явцтай танилцлаа.
Томилолтын хүрээнд хүнсний улаанбуудайн нийлүүлэлтийн явц, нөөц бүрдүүлэлт, элеватор болон агуулахын багтаамж, буудай хүлээн авах үеийн чанарын хяналттай танилцаж, тариаланчдын бүтээгдэхүүний нийлүүлэлт болон нөөцийн бэлэн байдлыг газар дээр нь шалгалаа. Мөн тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Аравдугаар сарын 14–16-ны өдрүүдэд салбар нэгжүүдийн хэмжээнд нийт 59,891 тонн хүнсний улаанбуудай хүлээн авсан байна.
2026 оны намрын ургацаас өнөөдрийн байдлаар долоон салбар нэгжийн агуулахад 427 тариаланч, иргэн, аж ахуйн нэгжээс нийт 106,000 тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудай хүлээн авчээ. Хүлээн авсан улаанбуудайг Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-иар дамжуулан ил тод, нээлттэй арилжааны зарчмаар худалдан авч байна.
Ийнхүү стратегийн хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлснээр дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ тариаланчдын бүтээгдэхүүнийг борлуулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой юм.














