Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Хэрлэн 4 дүгээр сургуулийн эко зөвлөлөөс багш сурагч эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулах, хүн төрөлхтний гол гол шим тэжээл болсон усны үнэ цэнэ, түүнийг зохистой ашиглаж хэрэглэх дадлыг төлөвшүүлж, бусдыг уриалах зорилгоор өдөрлөг, тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд эцэг эх, багш, сурагчдаас бүрдсэн 8 багийн, 80 гаруй хүн оролцсон бөгөөд цахим контент, багийн мэндчилгээ \устай холбоотой агуулгаар\, асуулт хариулт, зурагт хуудас, багаараа гүйцэтгэх даалгавар зэрэг 5 төрлөөр өрсөлдлөө.
Сурагчид зөвхөн энэ өдөр гэлтгүй бүх өдрүүдийг усны өдөр болгон тэмдэглэж, одооноос зөв зохистой ашиглахгүй бол ирээдүйн хойч бидэнд усны хомсдол нүүрлэх аюул ойрхон байна гэх санааг тэмцээний үеэр илэрхийлж байсан юм.
Мөн эцэг эхчүүдийн хувьд тус тэмцээнд оролцсоноор томчууд үгээрээ биш үйлдлээрээ харуулж өдөр тутамдаа ус бол чандмань эрдэнэ хэмээн бодож, үр хүүхдүүддээ ч зөв үлгэр дуурайлал болж, усаа хайрлах талаар зааж зөвлөх хэрэгтэй гэдгийг ч хэлж байлаа.
Харин сургуулийн зүгээс жил бүрийн “Дэлхийн усны өдөр”-өөр энэ төрлийн өдөрлөг, арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулна гэлээ.






























