Багш мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангаж тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Шилдэг багш” шалгаруулах болзолт уралдаан зарлагдлаа.
Тус уралдаан энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс ирэх 11 дүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд гурван үе шаттайгаар явагдах юм. Тодруулбал сургууль, цэцэрлэгийн үндсэн багшаар ажиллаж буй нийтлэг шаардлагыг хангасан багш бүхэн энэхүү уралдаанд оролцох боломжтой.
Нэгдүгээр шат: 2023 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ үед багш, сурган хүмүүжүүлэгч та өөрсдийн танилцуулга материалыг бэлтгэх бат уг материалыг тухайн боловсролын байгууллагаас нийтлэг шаардлагын дагуу 100 хүртэлх хувиар үнэлж дотооддоо анхан шатны шалгаруулалт явуулна. Улмаар 70-аас доошгүй хувьтай үнэлэгдсэн материалыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлнэ.
Хоёрдугаар шат: 2023 оны есдүгээр сарын 20-30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан багш нар өөрийн мэргэжлийн чиглэлээр 2-оос доошгүй цагийн хэлэлцүүлэгт хичээлийг зааж сургууль, цэцэрлэгтээ түгээн дэлгэрүүлж зөвлөн туслах ажил хийсэн байна. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шалгаруулалтыг журмын дагуу явуулж нийт оролцогчийн 30 хувийг гуравдугаар шатанд тэнцүүлнэ.
Гуравдугаар шат: 2023 оны 11 дүгээр сарын 20-30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шалгарсан багш нарын мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд тав хоног байрлуулж эцэг эх болон сурагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авна. Санал асуулгын дүнг нэгтгэн аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлж шилдэг багш нарыг шалгаруулна. Уралдааны шагналын сан нийт 75 сая төгрөг бөгөөд шилдэг таван багшид 5-25 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Уралдаанд оролцохыг хүссэн багш нар дараах шаардлагыг хангасан байх ёстойбөгөөд тавигдах шаардлага болон журмын талаарх мэдээллийг QR кодыг уншуулан танилцаарай.