Хэнтий аймгийн ЗДТГ-аас төрийн албан хаагчдын ажиллаж, амьдрах орчныг сайжруулах, тэдний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, төрийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлэх зорилгоор “Асуудлаас-шийдэлд” уриан дор Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Шилдэг залуу офицер, ахлагч” шалгаруулах тэмцээнийг 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлээд байна.
Хоёр үе шаттай явагдах тус тэмцээний эхний шатанд “Асуудлаас-шийдэлд” эссэ бичлэг, цэргийн бие бялдрын ерөнхий бэлтгэлжилт, норматив дасгал, англи хэлний анхан шатны мэдлэгийн түвшинг дүгнэсэн юм.
Харин дараагийн шатанд байгууллагуудаас шалгарсан албан хаагчид баг бүрдүүлэн оролцож, багийн гишүүд байгууллагынхаа нэг алба хаагчийн амьдрах орчныг нь сайжруулахаас гадна эхний шатанд хэлэлцүүлсэн “Асуудлаас-шийдэлд” илтгэлүүдээс нэг асуудлыг сонгон авч, практикт нэвтрүүлэн үр дүн гаргасан байх шаардлагатай юм.
Эдгээр тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарсан шилдэг эрэгтэй, эмэгтэй офицер, ахлагч нар тус бүр 5.0 сая, хоёр дугаар шатанд хамгийн өндөр оноо авсан баг 3.0 сая төгрөгөөр шагнуулна. Мөн тэмцээний хоёрдугаар шатанд шалгарсан алба хаагч бүрд 500,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох бөгөөд энэ сарын 15-ны өдөр гардуулах юм.
Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 232, Хилийн цэргийн 0287 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Дотоодын цэргийн 830 дугаар тусгай салбар, Шүүх шинжилгээний хэлтсийн 200 орчим албан хаагч өрсөлдөж байна.














